Дайчин чин вангийн хүчит зааны тухай 1980 оны дундуур нэгэн үе “Монголын спорт” сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлч, яруу найрагч Жан.Шагдар гуайн хуучилж байсан их бөхийн тухай тэмдэглэж авсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.
1985 оны намар Ж.Шагдар гуай бид хоёр манай гэрт нэг өдөр саатаж бөхийн тухай хуучилж билээ. Тэрбээр бөхийн тухай мэдлэгтэй, бөхчүүдийн тухай олон сайхан нийтлэл сонин хэвлэлд гаргасан, ахмад бөхчүүдтэй уулзаж учирч яриа дурдатгалыг нь сонсож явсан бөхийн амьд түүх гэлтэй.
Даншиг, арван засгийн заан
Бөх үзэж суухад заан Хэхрэнгийн Цэвээн-Очир гуайн өгсөн “дөрвөн бэрхт” ёотон үе үе санагдсаар өдгөөг хүрчээ. Манайх Орхон шувуут голын бэлчир Адаг нуга хэмээх байгалийн сайхан хосолсон газар ганц гэрээр зусч байсан санагдана. Бага байсан болоод тэр үү, тэр бүрийг сайн санахгүй юм. Одоо бодож ургуулж суухнаа 1943 оны хавьд л болов уу. Эмэг ээж (Манжаагийн Ням) бид хоёр л байсан. Нэг өдөр эмэг ээж миний хүү хургаа хараарай гэхээр нь баруун хадан дээр гартал жижигхэн морь унасан том хүн урд хонхороос гараад ирлээ. Миний хөөрч баярласан гэж жигтэйхэн. Тэр үед гэрт зочин ирэхэд багачууд бид их баярладаг байлаа.
Бөх үзэж суухад заан Хэхрэнгийн Цэвээн-Очир гуайн өгсөн “дөрвөн бэрхт” ёотон үе үе санагдсаар өдгөөг хүрчээ. Манайх Орхон шувуут голын бэлчир Адаг нуга хэмээх байгалийн сайхан хосолсон газар ганц гэрээр зусч байсан санагдана. Бага байсан болоод тэр үү, тэр бүрийг сайн санахгүй юм. Одоо бодож ургуулж суухнаа 1943 оны хавьд л болов уу. Эмэг ээж (Манжаагийн Ням) бид хоёр л байсан. Нэг өдөр эмэг ээж миний хүү хургаа хараарай гэхээр нь баруун хадан дээр гартал жижигхэн морь унасан том хүн урд хонхороос гараад ирлээ. Миний хөөрч баярласан гэж жигтэйхэн. Тэр үед гэрт зочин ирэхэд багачууд бид их баярладаг байлаа.
Би гэртээ гүйж очоод “Эмээ, дааган морьтой хүн ирлээ” гээд хэлтэл эмээ гарч харангаа “миний хүү зөв харжээ, нээрээ ч даага унасан хүн шиг харагдалгүй яах вэ. Цэвээн-Очир гуай нь байх шиг байна” гэж хэлэхдээ сандрангуйгаар түмэн нөхөөст бошинзоо тайлаад нарийн хир суусан тэрлэгээ өмсөв. Мөнөөх том хүн пөг пөг шогшсоор уяаны шонд тулж ирлээ. Би “Цэвээн-Очир гэж ямар хүн бэ” гэхэд эмээ “бөх хүн, их том бөх” гэв. Би бүр жигтэйхэн их баярлалаа. Эмээ ч үүдэндээ гарав. Мөнөөх хүн уяаны шон дээр буулаа. Хөндий мод шиг хүнгэнэсэн дуунаар мэндлээд эмээтэй золгож, намайг үнсэж толгойг минь илээд “танай ач биз дээ, том болжээ” гээд бор гэрийн минь хаалгаар багтаж ядан оров.
Ёстой л тэнгэрт тулсан өндөр хүн. Эмээ цай чанаж яаран гал өрдөж буцалгаад өглөөгүүр дээжилж авсан түүхий сүүгээр сүллээ. Эмээ цай уудалж дээжийг нь бурхандаа өргөн авдарнаасаа мөнгөн тагш гарган аягалж мөнөөх бөх өвгөнд барив. Бас хадгалсан тосноосоо хайлж таваг дүүрэн хийгээд мөнөөх бөхөд барьж, шар тостай арвайн гурил таваглав. Цэвээн-Очир гуай Богдын хүрээ ороод ирснээ ярьж байна. Миний багад Улаанбаатар хот ороод ирснээ хууччуул Богдын хүрээ ороод ирлээ гэж ярьдаг байлаа.
Энэ үед Цэвээн-Очир гуай зодог тайлсан ч наадамд очдог байж. Эмэг ээж борц нүдэж хоол хийхээр болов. Мөнөөх бөх хоол хэрэггүй гэж байх юм. Би далимд нь хоол идэх нь гэж ихэд баярлав. Цэвээн-Очир гуай данхны таг шиг дугуй том хөөргөөрөө эмээтэй тамхилаад ширдэг дээр тавьсан байв. Янз бүрийн өнгө цацраад байх шиг. Хөөргийг нь барьж үзэх гэж бодовч яах билээ. Эмээг хоол хийх зуур мөнөөх бөх гарч богцоо оруулж ирж уудлаад надад дөрвөн ёотон, эмээд бас жинтүүн чихэр ёотон өгөв. Бөх өвөө надад ёотон өгөхдөө “Наадам чинь дөрвөн бэрх шүү дээ. Би чамд Богдын хүрээнээс морь, тэмээ, ямаа, хонь авчирлаа, хариулаад эр хүн болно доо” гэсэн нь санаанаас гардаггүй юм.
Сүүлд бодож байхад нутгийн том бөх надад унах унаа, ачилгын тэмээ, амьжиргааны бог мал өгчээ. Эмээ маань дөрвөн ёотонгийнхоо хоёрыг нь даллаганы савандаа хийж хоёр нь үлдэв. Би хоёр ёотонгоо хоёр морь болоосой гэсэн шүү юм бодож суув. Орой сэрүү ороход мөнөөх том өвөө мордоод явлаа. Эмээлтэй мориныхоо дэргэд зогсоход бүс нь эмээлийн бүүрэгтэй зэрэгцжээ. Мордохуйд хоёр өвдөг нь эмээлийн урдуур морины мундаанаас дээш гарч харагдсан нь одоо ч нүдэнд үзэгдэх шиг болдог.
Хожим нь бөхийн хорхойтон болсноор ус нутгийн энэ бөхөө байн байн санан өвгөдтэй уулзаж асуудаг байлаа. Энэ талаар бөх судлаач Б.Батсүх их юм хэлж өгсөн. Түшээт хан аймаг хошой чин ван Ханддоржийн хошуу эдүгээ Булган аймгийн Орхон сумын (хуучнаар Булган сум) Орхон түшээ гүний урд тал Шувуут гол, Зүрхний могой гол, Чингисийн домогт газар хавиргагүй Хайлаастай Хялганат нутагт 1884-1912 онд Дэдийн Жамц, Шинэ Жамц, Хэрхрэнгийн Жамц гэсэн улсын заан цолтой гурвын гурван сайн бөх байжээ.
Хэхрэнгийн Жамцын дүү Цэвээн-Очир олноо өргөгдсөний арваад оны үед Даншиг арван Засгийн наадамд тодрон гарч уран мэхийг уралдуулан барилдаж наадамчин олон ус нутгийнхнаа баярлуулж явсан түүхтэй. Цэвээн-Очир гуай туулай жилтэй гэж хожим манай Ачуутын голын том Дорлиг гуай (“махан” Дорлиг ч гэдэг) ярьж байсан. Тэгвэл Цэвээн-Очир гуай 1879 онд төрж 1910 онд 31 насандаа Арван засгийн наадамд очин тав давсан бололтой. Батсүх гуайн тодорхойлсноор “1960 оны улсын наадам 70 гаруй настай нахиу хамартай том өвгөн байсан. Тэр бол Цэвээн-Очир заан мөн” гэжээ.
Энэ үед Цэвээн-Очир гуайн нас сүүдэр 81 настай золгосон байж. Нутгийнхан гурван Жамцыг дагаж бөхийн “сөлөнд” хүрсэн гэж ярьцгаадагсан. Магад л чин ван Ханддоржийн хошууны алдарт бөх Намхай, Лувсанжамцаа нарыг залгаж Б.Түвдэндорж, С.Цэрэн, До.Содном, Даш, Л.Нямжав гээд олон арван бөх төржээ. Цэвээн-Очир заан Арван Засгийн наадамд 1910 онд тав, 1912, 1913 онд тус бүр гурав, 1914 онд дөрөв, 1915, 1916 тус бүр гурав, 1917 онд долоо давж үзүүрлэн заан цол хүртээд 1918-1919 онд тус бүр хоёр давжээ. Энэ үед Арван засгийн наадамд аймаг хошуудад нэрд гарсан тэр үед анхаарал татсан 116-160 шилмэл бөх барилддаг бол Даншиг наадамд тогтмол 1000 гаруй бөх барилддаг.
Энэ хоёрыг харьцуулбал арван засгийн нэгийн даваа даншигийн дөрвийн даваатай чансаа ойр юм. Ухаандаа 10 засагт долоо давж заан цол хүртэх Даншигт 10 давсантай адил гэсэн үг. Мөн ч яггүй хатуу шалгаралт юм. Монгол ухаан гэж! Энэ аргыг эдүгээ хэрэглэж болох. Цэвээн-Очир заан том Дорлиг гуайн хэлснээр цэрвүүгээс хонгоддог. Хонгонд нэг хүрвэл гүйцээдэг байсан гэнэ. Бас удаан барилдлагаатай. Бие халахаар дугтардаг байсан гэдэг. 1915 онд Арван засгийн наадамд Сэлэнгийн Товхон хонь, өврөөр нутагтай Гочоо гэдэг бөхтэй барилдаж байгаад хамраа мөргүүлээд нахиу болжээ.
Цэвээн-Очир заан 1940 оноос хойш засуул, хөлийн цэц хийж наадам, хойч үеийн баяр наадмын манлайчууддаа итгэж явсан XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн бөх ажээ. Зааны хишгийг хүртсэн минь бөхийн тухай хэд гурван шүлэг өргөх хувь өгчээ хэмээн хуучилж билээ. Ахмадын үг алт, хувцасны шинэ, хүний хуучин гэдэг сайхан үгийг сонсож түүнээс алт шүүрдэж та бүхэндээ барилаа. Баярлалаа.
Бичсэн: Таван Цагариг
No comments:
Post a Comment