Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай.
Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ. Циму захирагч өмнө нь аршийн номыг сонсохоор Ашид Амгалан сүмд гурвантаа очиж байсансан. Энэ удаад умар, өмнийн таван өнгийн улс даяар нэр нь дуурссан тэр их арш мужийнх нь төвөөр дайран түүний өргөөнөө түр ч болов саатах нь захирагчийн хувьд нэгэн наснаа ховорхон тохиох хувьтай явдал аргагүй мөн билээ. Мужийн олон түмний дунд ч захирагчийн нэр үлэмж өсөхсөн. Циму захирагчийг удахгүй болох үйл явдлын тухай сайхан мөрөөдөлд умбан зогстол шадар нь замын үзүүрт бараа харагдлаа гэв. Аршийн ирэх учиртай Лояны замаар бус, гүүрний баруунаас ирэх Жидэний замын үзүүрт нэгэн морьтны бүдэгхэн дүрс гарч ирсэн байв. Удалгүй тэрх морьтны дүрс тодорсоор өмссөн хувцасных нь өнгө ялгарах болов. Бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн гэлдрүүлсээр ирж явав. Энэ үест Лояны зам дээр бас нэгэн дүрс гарч ирлээ. Өглөөний нарнаа хурц тод шаргал өнгө гялалзахад чулуун гүүрэн дээр зогссон бүгдээр баярлалдан шуугилдлаа. Циму захирагч энэ эртний гүүрэн дээр номын их аршийг тосдог нь бас ч цаанаа бэлгийн учиртай. Эрт цагт энэхүү гүүрэн дээр Тангийн их шүлэгч Ли овогтон, Ван овогтон, Дү овогтон нар учралдан золголдож, голын усны толигор мандлыг ширтэн, хулс зэгсний шуранхайн дундуур хааяа нэг мэлхийн бүгтхэн вааглахыг сонсон, тэрхүү бяцхан голын ус шиг их дарсыг уун өнжин хонон шүлэг дуудан суудаг байсан гэдэг. Лояны замаар ирж яваа дүрс их л хурдан ойртов. Луус унасан нэг бус хоёр хүн байлаа. Ратнаманьти багштан дэргэдээсээ үл салгах залуу хуврагаа дагуулан яваа нь лавтай. Гэтэл нэгэн гэгэлзүүр аялгуу зэгсний үл мэдэгхэн шуугиан дундаас тодхон ялгарч сонсогдов. Энэ аялгуу бол зөвхөн Хүннүгийн модон цуурнаас л гарах аялгуу билээ. Захирагчийн баясгалант царайд унтууцаж жихүүцсэн шинж илэрхий болов. Жидэний замаар ирж яваа бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн бол долоо хоногийн өмнө умраас ирж, тэдний хотоор дайран өнгөрсөн хөдсөн дээлтэй хар царайтай Хүннү хүн байв. Тэрээр морин дээрээ бөөвийн суугаад чулуун гүүрний цаана ямар улс юуг хүлээн зогсоог ч үл анзааран гагцхүү цуурынхаа аялгуунд ихэд автан үл ялиг ганхан явлаа. Морь нь ч тэрхүү аялгуунд автсан мэт нүдээ анин, аяар зөөлөн гэлдэрнэ. Яаравчлан ирж явсан арш ламтан тэрхүү цуурын аялгууг сонсов бололтой гэнэтхэн явдлаа саан нөгөөх бараан морьтон луу ихэд саравчлан харав. Тэгснээ гүүрийн цаана хоёр замын уулзах бэлчирт ирээд нөгөөх бараан царайт Хүннү хүнийг хүлээн зогсчихов. Циму захирагчийн цухал хүрч, яах учраа олохыг болив. Өөрийнх нь урилга заллагаар ирж явсан арштан түүнийг хотынхоо захад, хуучны түүхт гүүрэн дээр их л ёс хүндэтгэлтэйгээр хүлээн зогссохыг харсаар, мэдсээр атал юунд тэрхүү ичгүүргүй зэрлэг Хүннү хүнийг тосон зогснов. Энэ зэрлэг хүнээс болж ёсоо алдах гэж үү. Аршийг зогссоноороо зогсоод хүлээх үү, эсвэл түүнийг хүннү хүнтэй уулзахаас нь өмнө тосон очиж амар мэндийг мэдэх үү. Одоо яах билээ. Циму захирагч хэсэг эргэлзсэнээ басчхүү мужийн амбан захирагч тул хүлээн зогсох нь дээр юм гэж шийдэв. Арштан лууснаасаа буун явгалаад нөгөөх зэрлэг хүнийг угтан очиж тун ч дотносон золголдов. Бие биесийг гүнээ хүндэтгэн мэхийцгээж, халуун дотноор тэврэлдэхийг хараад гүүрийн нөгөө этгээдэд байсан улс бүгдээр гайхан алмайрав. Циму захирагчид энэ явдал их доромж санагдан цухлыг улам нэмэв. Гэвч тэрээр аршийг хүлээн авахад ёс алдах вий хэмээн биеэ ихэд барьж байлаа. Тэр хоёр зэрэгцээд гүүрээр тэдний өмнөөс ирж явав. Хүндлэл, бишрэлийн дээд болсон номын Их арштан нэхий дээл өмсөж, өмхий ханхлуулсан умард талын зэрлэг нүүдэлчинтэй эн зэрэгцээд ирж явна гэдэг Циму захирагчид байж болшгүй явдал мэт санагдана. Үүнээс хойш, түүнээс цааш Ляодуны хойгийг бүхэлд нь эрхшээсэн мужийнхаа нутаг дэвсгэр дээгүүр Умард талын зэрлэг нүүдэлчдээс нэгийг ч өнгөрөөхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бат бодов. Циму захирагч хоёр бараа бологчоо дагуулан гүүрийн наад үзүүр дээр аршийг тосон золгож, гүнээ хүндэтгэн амар мэндийг асуухад арш Ратнаманьти их хөл хүндлэл болон тосч буйг нь үл анзаарсан мэт өмнөөс нь ёс төдий мэндлээд дэргэдэх зэрлэг хүндээ харийн хэлээр ямар нэгнийг тайлбарлан хэлэв. Захирагчийг нүднийхээ булангаар зэрлэг хүнийг харахад тэр зэрлэг хүн номын их багштай мөр зэрэгцэн яваадаа ер сэтгэл төвдсөнгүй, харин ч харц тэнүүн, царай амгалан байх аж. “Талын зэрлэг хүн эрдэм номыг яахан үнэлж, цэгнэж мэдэх билээ. Зэрэг дэвийн тухайд бүүр ч ярилтгүй. Эдэнд идэх хоол, алах амьтан, унах морь, хурьцах эмс л байвал боллоо. Эгэлгүй их номын арштай зэрэгцэн алхаж яваагаа энэ зэрлэг яахан мэднэ, мэдээд ч яанам” хэмээн захирагч дотроо нэн бухимдан, бас, харамсан бодов. Тэрх зэрлэг эр намар эртний бөгчим халуунд нэхий дээл өмсөж, юүдэн малгайных нь дороос сүлжсэн бүдүүн хар гэзэг нь хайвагнан алхах тоолонгоор савчих ба ширэн богц ганзаглаж, ширэн хавтага бүсэндээ хавчуулсан тэр хүний чухам хэдий хэрийн настайг нь ялган тогтооход бэрхтэй. Гүжир, бяртай хүнд л байдаг төвгөр шанаа, түүшингээр нь зурайх Хатан голын гуу жалга мэт гүн үрчлээс, хүгдгэр нуруу нь өтгөн хар хөмсгөн дороос гялалзах залуу цоглог харц, бүсгүй хүнийх шиг уран цэвэрхэн гар сэлттэй үл зохилдоно. Захирагч аршийг урилга хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэнийг тэнгэрийн ерөөл хишиг лугаа адилаар хүлээн авч байгаагаа хэлээд өргөөндөө морилон очихыг урилаа. Гэтэл арш намайг ингэж ихээр хүндлэхийн хэрэггүйсэн. Тэр дундаа энэ хүний дэргэд хэмээн дэргэдэх зэрлэг хүнээ заав. Тэгээд арш ёс төртэй угтсанд талархснаа хэлээд энэ эрхэм хүнтэй хамтдаа нэгэн сэлүүн шөнийг өнгөрүүлэх захын дэн буудал зааж өгнө үү хэмээн хүслээ. Ратнаманьти аршийн хүслээс хэрхэн зөрөх билээ. Замын гай болсон өнөөх зэрлэг хүнд уурласан уур хилэн нэн их. Цээжин дотор асах хилэнгийн дөлийг даран ядан байж хотноо байх хамгийн тохилог дэн буудалд хүргэж өглөө. Замын туршид эн тэнцүүргүй хоёр ямархан нэгнийг шимтэн хэлцэж, дэргэд нь яваа мужийн амбан захирагчийг өчүүхэн төдийд ч анхаарсангүй. Гоёж чимсэн сүйх тэрэгний ч хэрэгцээ гарсангүй. Зүй нь түүний оронд захирагчтан Аршийн дэргэд мөр зэрэгцэн хотынхоо төв гудмаар тайвуухан алхалсаар дөрвөн оны өмнө хичээнгүйлэн бариулсан гурван давхар асарт өргөөндөө очих учиртайсан. Дэн буудлын эзэн Дэй овогт бүдүүн шалхагар эр амбан захирагчтай хамт ирсэн номын их аршийг хөл алдан угтаад, харин энэ мэтийн талын зэрлэг хүнийг бид хүлээн авдаггүй билээ хэмээн аршаас хүлцэл өчин шуудхан хэлчихэв. Нөгөөх умардын зэрлэг хүн ч, арштан ч аль аль нь үүнд өчүүхэн ч гайхсан шинжгүйгээр тэгвэл бидэн голын хөвөөнөө, тэнгэрийн дор сартай ханьсан нэгэн мөчийг өнгөрөөсү гэлээ. Захирагчтан ч, түүний бараа бологч шадрууд ч, Дэй овогт эр ч бүгдээр эг маггүй гайхан таг болчихов. Захирагчтан Та юунд ийн хэлнэ билээ. Манай гэрт та бүхэн дураар морилогтун, болгоогтун гэлээ. Очиж, очиж ийм харийн зэрлэг хүнийг босгоор давуулах гэж, өнөөдөр юутай хувь тохиолтой өдөр байх атал юутай хувь тохиолгүй өдөр болно билээ хэмээн дотроо гаслан бодов. Арштан бидэн хамтдаа байвал хаана ч ялгаа юун гэв. Арштаныг нөгөөх хүний хамт хүндэтгэн засаж бэлдсэн өрөөндөө оруулан зоог барив. Уг өрөө нь ихэс ноёдыг хүлээн авахад зориулан засуулсан, өндөр хүнхэр таазтай, зүүнээ лянхуа цэцэгст бяцхан цөөрөмтэй, баруунаа түмэн наст хүрэн чавгын мододтой билээ. Харин Циму захирагч гэр бүлийнхнийхнээ арштанд золгуулж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Тэрхүү зэрлэг хүнийг өргөөнийхөө босгыг алхуулснаар барахгүй зэрэгцэн зоог барьж буй нь хэрхэвч багадахгүй. Зоогийн үеэр ч, дараа ч Ратнаманьти арштан Циму захирагчтай ёс төдий хэдэн үгийг хэлцээд зөвхөн умардын хүнтэй л харь хэлээр шимтэн ярилцах учир тэднийг зөнгөөр нь орхив. Оройн зоогны дараа мөн тийм байсанд захирагч урамгүйхэн тэднийг орхив. Гэтэл маргааш өглөө нь ч, өдөр нь, үдэш нь ч мөн л адилаар тэд ямархан нэгнийг шимтэн, нэгэн үе ихэд инээн, нэгэн үе гүнээ бодлогошрон, алга хавсран ярьсаар бүхнийг умартсан мэт байлаа. Уг нь арштан тэр өдөртөө л замд гарна гэсэнсэн. Дахин нэгэн өглөөг тийм байдлаар үзэхэд захирагчтаны тэсгэл алдрав. Хэрвээ энэ байдлыг мужийнх нь иргэд мэдвэл нэгэн насанд ч баршгүй шившиг билээ. Хоёрдахь өдрийн өглөө дэмий л тэдний харь хэлээр ярихыг сонсон суусан Циму захирагч арштаныг замдаа гарахаар болсоныг мэдээд нэгэн завшааныг ашиглан арштанд ийн хэлэв.“Та одоо болтол умар зүгийн араатан зүрхтэй, хүн нүүртэнтэй ихийг хүүрнэсэн атал надтай үг ярихгүй, яагаад ингэж байна билээ?” Арш ламтан түүнийг ихэд тогтоон хараад “Эрхэм захирагч та түүнийг бүү басамжлагтун. Түмэн хуйлаас ном уншсан ч түүнийг давамгүй” гэв. Тэсгэлийн тэлээ нэгэнт алдарсан Циму захирагч хариуд нь “Түүний чаддаг юм гэвэл бөх барилдах, морь харах, нум харвах л биз ээ” гэхэд “Түшмэл та өөрөө юу мэдэхсэн бол” хэмээн арш харин ч ёжлонгүйгаар хариу асуув. Захирагчтан хорин жилийн туршид хичээнгүйлэн суралцсанаа дурсаад “Би бол уулын өндөр, усны гүнг хэмжихгүйгээр тодорхойлж чадна” гэжээ. Ратнаманьти арш ихэд инээгээд “Энэ бол эрхэм хүний чаддагийн дэргэд хүүхдийн зугаа шиг л юм даа” гэлээ. Тэгээд саравчны цаана сүглийн байх хөгшин чавганы модыг зааж, “Энэ чавганы модны чавганы үрийн тоог бодож олж чадах уу?” гэв. Гурван давхар сэрүүвчтэй нь эн зэрэгцэн ургасан уг модны мөчир бүрт түм буман боловсорсон чавга хүрэнтэн байх ажээ. Циму захирагч чадахгүй хэмээн үнэнээ өчив. “Чиний зэрлэг хүн хэмээж буй энэ хүн чавганы тоог төвөггүйгээр бодож чадна даа” гэхэд захирагч “Хэрвээ нэг ч үрийн зөрөөгүйгээр бодож чадвал би...” хэмээн ээрснээ чавганы модны дор байсан үзэмжит сүйх тэргээ зааж “тэрхүү сүйхийг мөрийд нь тавья. Харин энэ хүн алдвал дахиж манай нутгаар бүү үзэгдэг” гэв. Арштан зэрлэг хүнтэй хэдэн үг хэлцэхэд тэр хүний царайд өчүүхэн ч хувирал гарсангүй, үзүүрт нь цагаан сувд хэлхсэн таван өнгийн утастай, дэнсний нуруу шиг юмыг бүсэн дэх ширэн хавтагнаасаа гаргаж ирээд уг модны дэргэд очиж, модны суурийг дээрээс нь доош нь, хажуу тийш нь хэмжин удтал тойрон харж байгаад арштанд нэгийг хэлэв. Арш түүнийг орчуулан хэлсэн нь “Энэ модонд нэг түм, хоёр мянга, зургаан зуун наян гурван чавганы үр байгаа ба нэг мянга гурван зуун жаран хоёр нь болоод модондоо хатсан, далан гурав нь дутуу шүүрхий байна” гэв. Захирагчтаны хөх инээд хүрэв. Тэр ч бүү хэл арш ламтаныг нэг л итгэлгүйгээр хараад авав. Тэгээд тэр дор нь арван шилдэг зарцаа дуудан ирүүлж, модоод авируулан жимс нэг бүрийг ширхэгчлэн буулгаж сагсанд хийхийг тушаалаа. Намрын шар наран дор өдөржин арш, захирагч хоёр хэдэн сийрсэн сагстай чавганы дунд энэ болсон, энэ хатсан хэмээн нааш цааш нь ялган, тоолж өнжив. Тэднийг ингэж хөл болж байхад Хүннү хүн нэгэн хөгшин туулайн бөөр модны сүүдэрт тухлаад өнөөх модон цуураараа ямар нэгэн уй гунигтай, үргэлжилсэн аялгууг гингэнүүлсээр өнжив. Тийн суухдаа хорвоогоос аль хэдийнэ холдон одсон хүний шинжтэй байх ажээ. Оройн наран шингэхэд захирагч өнөөх зэрлэг хүний хэлсэн нь нааш ч үгүй, цааш ч үгүй яг таарч байгааг үзээд номын их багшийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэхэд арштан “Чи надад бус энэ хүнд мэхийн ёсолбол зүй ёсонд нийцэхсэн. Би эрдмийг сурсан бол харин энэ хүн буй бүхнээрээ эрдэм юм аа” гэжээ. Тэд тэр оройгоо явцгаав. Умард талын зэрлэг хүн мөрийдөө авсан захирагчтаны хааяа нэг нийслэл хотноо морилохдоо хөлөглөдөг сүйх тэргийг Арш ламын хоёр луусанд хөллөж өгөөд өөрөө өнөөх бараан морио унан юу ч хэлэлгүйгээр умар зүгтээ гэлдрүүлсээр явчихав. Түүнийг далд орон ортол арштан харж зогслоо. Тэгээд ламтан Циму захирагч руу харан нэг санаа алдсанаа хос луусанд хөллөсөн гоёмсог сүйхэнд суугаад нийслэл ордог замаар цацаг хуарийг нь намируулан хийсгэсээр тоос татуулан давхичихав. Элдэв ёс төр ч болсонгүй. Тэр цагаас хойш Циму захирагчыг умард зүгт харахаар л өнөөх модон цуурны аялгуу чихэнд нь сонсогдох шиг болдог болсон бөлгөө. ***
Б.Номинчимэд 2002.09.09
* - Ратнаманьти буюу Ленаманьти нь 508 онд Хятадад ирж бурхны шашны судар орчуулж байсан Энэтхэгийн лам. Тэрээр энэтхэгийн таван ухаан, урлахуйн онолд гүнээ нэвтэрсэн хүн хэмээгдэж байлаа. Энэтхэгийн таван ухаан гэдэг нь 1/ дуун ухаан (шабдавидья) буюу хэлзүй, 2/ учир шалтгааны ухаан (хэтувидья) буюу логик, 3/ дотоод ухаан (адхьятмавидья) буюу гүн ухаан, 4/ тэжээхүй ухаан (чикитсавидья) буюу анагаах ухаан, 5/ урлахуй ухаан (шилпакарстханавидья) буюу урлаг, математик юм.Ратнаманьти нэгэн үе Табгачийн Вэй улсын Лоян хотын Ашид амгалан сүмд сууж, номын буян хурж байв.
**- Вэй улсын Синь Чжоу мужийн захирагч Циму Хуайвэнь хэмээгдэх нэгэн хятад эр эрдэмт лам Ратнаманьтитай үг хэлэлцэхийг ихэд хичээдэг байжээ.
***-Манай тооллын 508 оны долоодугаар сард Дундад Хятадын Чжоу хотноо ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Үүнийг эртний Вей улсын түүх судруудад дэлгэрэнгүй тэмдэглэснийг их эрдэмтэн Г.Сүхбаатар агсан бидэнд уламжлан үлдээсэн байна. Тухайн үед умард талын нүүдэлчдийн дотор ном эрдэмд төгс боловсорсон нь цөөнгүй байсан ба тэдний зарим нь энэтхэгийн эрдэмтэй лам нарт ихэд тоогдож байсны нэг жишээ энэ юм.
No comments:
Post a Comment