Monday, January 17, 2011

Эрдэнэ зуу хийд

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвөлсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.
 

Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн.

Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ.
Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ.
1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Давагдаржаа удирдан бариулжээ. 1796 онд Эрдэнэ зуу хийдийн их засварын ажлыг Давагдаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юи-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан. Энэ засвараар өмнө барьсан сүмийн барилгуудад засвар хийснээс гадна хуучин Тахай балгасын хэрмийн нурангийг суурь болгон 50 ширхэг суврага босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгсэд /хаад, тайж, бэйл, бэйс лам, ард/-ийн хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суврага болон хэрмэн хана барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлон аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, мөн онд Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жүд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд байгуулагдаж цаашид засвар, шинэчлэлийн байдлаар бидний үеийг хүрчээ.
Эрдэнэ зуу хийдийг цогцлон босгож байсан эхний үед шарын шашны ёс горим төдийл гүн нэвтрэн дэлгэрээгүй байсны учир хийдийн ерөнхий төлөвлөлтийг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталсаар байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх ерөнхий хувиарлалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим барьж байсны гэрч болон үлдсэн монгол суурин газрын барилга уралхуйн гайхамшигт дурсгал юм.
 
Гадуураа 108 суврага бүхий 400x400 метрийн хэмжээтэй, дөрвөн талдаа асар хаалгатаи хэрмэн дотор байдаг монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилгатай байснаас өдгөө 18 сүм дугана үлдсэн бөгөөд 1944 онд улсын хамгаалтад авчээ. Эрдэнэ зуу хийд нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд юм. 

 www.mongolia800.mn

No comments:

Post a Comment