Monday, January 17, 2011

Үе ялгах ба нас ялгах ёс

Ясан, цусан төрөл: бүл садан, нагац, саданы ах дүү, эгч эмэгтэй дүүгийн их багыг нь насаар нь ялгана. Нас ах нь ах эгч, насаар бага нь дүү, эмэгтэй дүү болно. Жишээ нь:Төрсөн буюу үеэл ах, төрсөн буюу үеэл эгч дүү, нагац дүү, бүл дүү г.м.
Харин ахын эхнэрийн нас нь өөрөөс дүү байсан ч эгч хэмээн үзэж бэргэн, дүүгийн эхнэрийн нас нь өөрөөс эгч байсан ч дүү хэмээн үзэж бэр хэмээнэ. Энэ нь мөн хүргэн ах, эмэгтэй дүүгийн нөхөрт адилхан холбогдоно.

Бэргэн, хүргэн ахын дүү ба эмэгтэй дүүгийн нас нь өөрөөс дүү байсан ч худ ах, худгуй эгч гэж дуудна.
Бэргэн ба хүргэн ахын дүү, эмэгтэй дүүг нь насаар нь ялгаж биеэс ахыг нь худ ах, худгуй эгч, насаар дүүг нь худ дүү, худгуй ( эмэгтэйг) дүү гэж дуудна.
Дүү бэр ба дүү хүргэний эрэгтэй, эмэгтэй дүүгийн нас нь өөрөөс ах байсан ч худ дүү, худгуй дүү гэж дуудна.
Эхнэр нөхөр хоёрын хувьд эхнэр нь нөхрийн талыг нөхрөө дагаж, нөхөр нь эхнэрийн талыг эхнэрээ дагаж дуудна.Үүнд насны зөрүүг харгалзахгүй.
Өөрөөс доор үеийн хүмүүсийг шууд нэрээр нь буюу үеэр нь дуудна. Жишээ нь: Дорж оо! Өнөрцэцэгээ! Охин! Ач хүү, дүү хүү г.м. Гэхдээ ижил үеийнхний хамгийн түрүүнд төрснийг ууган хүү, (охин), хамгийн багыг отгон хүү (охин) гэж ялган дуудна. 

Эцгийн талын төрлийн холбоо
- Эцэг буюу аав: Өөрийг нь үүдсэн эрэгтэй хүн.
- Хадам эцэг: эхнэр нөхөр хоёрын эцэг тэдгээрт харилцан хадам эцэг болно.
- Хойд эцэг: төрсөн эцгийн дараа эхтэй нь хууль ёсоор ханилсан эрэгтэйг хэлнэ.
- Өргөсөн(тэжээсэн) эцэг: Биеийг нь үрчилж аваад хүү,охиноо болгон өсгөсөн эрэгтэйг хэлнэ.
- Хөхүүлсэн эцэг: Эхийн тайлбарт үз.
- Мөргүүлсэн эцэг: Охин хүүхэд хадамд гарахдаа хүү охин тэгш,ивээл жилтэй эмэгтэйгээр үсээ хагалуулан гэзгээ эвхүүлдэг.Үс хагалсан тэр эмэгтэйн нөхөр.
- Хуурай эцэг: шургуулсан эцэг ч гэдэг. Хүүхэд нь тогтдоггүй айл, олон хүүхэдтэй хүний хормойн доогуур хүү, охиноо шургуулдаг.Өв хөрөнгөгүй,өнчин ядуугийн учир бас хүсэл зорилгодоо хүрэхийн тулд бусад овог угсаатны баян ноён хүнд хадаг барин мөргөж хуурай эцгээн болгодог. Хуурай эцгийн бүсгүй нь хуурай эх болно.
- Өвөг  эцэг: Эцгийн эцэг
- Хадам өвөг: (эмэг), хойт (эмэг) өвөг…г.м дуудна.
- Элэнц өвөг: Эцгийн өвөг:  Хуланц өвөг: ,хулан өвөг,холбоо өвөг, өвөг дээдэс : яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийнхэн гэх мэтээр нэрлэж дуудна.

Эхийн талын төрлийн холбоо 
- Эх буюу ижий: Өөрийг үүдсэн эмэгтэй.
- Хадам эх: Эхнэр нөхөр хоёрын эх тэдгээрт харилцан хадам эх болно
- Хойд эх: Төрсөн эхийн дараа эцэгтэй нь хууль ёсоор ханилсан эмэгтэйг хэлнэ.
- Өргөсөн тэжээсэн эх: Биеийг нь үрчилж аваад хүү, охиноо болгон өсгөсөн эмэгтэйг хэлнэ.
- Хөхүүл эх: Эхийн нь сүү дутмаг зэрэг шалтгаанаас болж зарим хүүхэд бусад эмэгтэйн хөхөөр тэжээлгэдэг.Ийм хөхүүл эхийн нөхөр нь хөхөлт эцэг болдог.
- Мөргүүлсэн эх: Охин хүүхэд хадамд гарахдаа хүү охин тэгш,ивээл жилтэй эмэгтэйгээр үсээ хагалуулан гэзгээ эвхүүлдэг.Уг эмэгтэйг мөргүүлсэн эх гэнэ.
- Хуурай эх: Хүүхэд нь тогтдоггүй айл, олон хүүхэдтэй хүний хормойн доогуур хүү, охиноо шургуулдаг.Өв хөрөнгөгүй,өнчин ядуугийн учир бас хүсэл зорилгодоо  хүрэхийн тулд бусад овог угсаатны баян ноён хүнд хадаг барин мөргөж хуурай эцгээн болгодог. Хуурай эцгийн бүсгүй нь хуурай эх болно.
- Эмэг эх, Ээжийн эх, Хадам эмэг, Хойт эмэг, Элэнц эмэг,Эцгийн эмэг, Элэн эмэг, Хулан эмэг, Холбоо эмэг, Өндөр эмэг гэх мэтээр нэрлэж дуудна. 
Эхийн талын төрлийн холбоо
- Нагац: Эхтэй хүй нэгтэй эрэгтэй хүмүүс. Эхээс насаар ахмад нь их нагац. Эхээс насаар дүүг нь бага нагац гэнэ.
- Нагац бэргэн: Нагацтай хуримлан суусан эмэгтэй.
- Нагац аав: Эхийн эцэг.
- Нагац эх: Эхийн ээж.
- Нагац өвөг: Эхийн өвөг ( эхийн аавын эцэг)
- Нагац эмэг: Эхийн эмэг эх.
- Нагац эгч: Эхийн эгч буюу эмэгтэй дүү.
- Нагац хүргэн ах: Нагац эгчийн нөхөр. 

Биеэс хөндлөн үеийн төрлийн холбоо
- Ах: нэг эхээс төрсөн (эсвэл эцэг нэгтэй эх өөр буюу эх нэгтэй эцэг өөр) бөгөөд биеэс насаар ах эрэгтэй.
- Төрсөн ах: Нэг эцэг эхээс төрсөн ах.

- Хадам ах: Гэргийн ах
- Журмын ах: Цусаа ууж андгайлсан өөр омгийн анд.
- Энгийн ах: Айл, аймаг, танил дасал болсон.
- Бэргэн: Ахын эхнэр бас биеэс дээших олон үеийнхэн бусад овгоос буулган авсан хөндлөн үеийн эмэгтэйчүүд. Жишээ нь:Авга бэргэн, авга эх г.м.
- Авга: Эцэг лүүгээ нэг эхээс төрсөн ах дүү нар. Жишээлбэл: Их авга гэвэл эцгийн ах, бага авга эцэг гэвэл өвөг эцгийн хүү, авга өвөг гэвэл элэнцийн ах буюу дүү, авга элэнц гэвэл хуланцын ах буюу дүү,хэрэв хэдэн их буюу бага авгатай бол тэдгээрийг хооронд нь тоогоор буюу биеийн байдал, царай зүс, зан ааль зэргээр нь нэрлэн ялгаж дууддаг.Жишээлбэл: их авга, бага авга, өндөр авга, ширмэн авга, номхон авга г.м. Бусад төрлийн холбоонд ч мөн энэ мэтээр ялгаж дуудна. 
- Авга эгч: Эцэгтэй эх нэгт эмэгтэйчүүд. Эцгээс насаар ах бол их авга эгч, насаар багыг нь бага авга эгч( ясан төрөл) гэдэг.
- Авга хүргэн ах: Авга эгчтэй гэрлэсэн эрэгтэй. Аавын үеийн хүн.
- Авга эцэг: Өвөг эцгийн төрсөн ах дүү болох эцгийн төрлийн ахмад.
- Авга эх: Авга эцгийн гэргий. Эмэг эхтэй нэгэн үеийн хүн.
- Авга өвөг: Элэнц өвгийн төрсөн ах дүүс.
- Авга эмэг: Авга өвгийн гэргий.
- Дараа нь: авга элэнц өвөг, эмэг: авга хуланц өвөг, эмэг: авга элэн өвөг, эмэг: авга хулан өвөг, эмэг: авга холбоо өвөг эмэг: авга өндөр өвөг, эмэг (авгаас дээш ес дэх үе) г.м.

Биеэс дорогших гол угсааны холбоо
- Дүү: Эх нэгтэй буюу ер нь гаднын ч гэсэн насаар бага эрэгтэй, эмэгтэйг дүү гэнэ.
- Төрсөн дүү: Эцэг эх нэгтэй буюу эсвэл эцэг нэгтэй, эх өөртэй өөрөөс насаар бага эрэгтэй, эмэгтэй. Дүү олонтой бол зан ааль, өндөр нам, царай зүсээр ялгаж нэрлэнэ.
- Дүү бэр: Эх нэгтэй дүүгийн эхнэр.
- Үеэлд ах дүү: Өвөг нэгтэй ах дүү. Ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү болно. Тэд овог нэгтэн юм.
- Үеэлд бэрүүд: Үеэл эрчүүдийн эхнэр. Харин бэрээчүүдээс хэн ахлах нь өөрийн насаар биш эр нөхрийн үеийг дагаж, насаар бага нь ч бэргэн байж болно.
- Хаяалд ах дүү: Элэнц нэгтэй ах дүү. Үеэл ах дүүгийн хүүхэд хоорондоо хаяалд ах дүү болно. Ах дүү бололцох нь насны дарааллаар тогтоогдоно.
- Хаяалд бэрүүд: Хаяалд эрчүүдийн эхнэрүүд.
- Үе ах дүү: Хуланц нэгтэй ах дүү. Хаяалд ах дүүгийн хүүхдүүд, бэрүүд( үе бэрүүд),
- Хаяа ах дүү: Элэн өвөг нэгтэй ах, дүү, бэрүүд хаяа.
- Үенцэр ах дүү: Хулан өвөг нэгтэй ах дүү, бэрүүд( үенцэр).
- Хаяанцар ах дүү: Холбоо өвөг нэгтэй ах дүү, бэрүүд( хаяанцар).
- Төрлийн ах дүү: Өндөр өвөг нэгтэй ах дүү, төрлийн бэрүүд.
- Аймгийн ах дүү: Уг дээдэс нэгтэй ах дүүс, аймгийн бэрүүдийг хол төрлийн бэрүүд гэж тус тус нэрлэнэ. 

Биеэс дорогших үеийн төрлийн холбоо
- Бие: Өөрөөс дээш дорогших арван есөн үеийн тэг дундах үе.
- Бэр: Өөрт хууль ёсоор хуримласан бусад овог аймгийн эмэгтэй .
- Хүү: Өөрөөс төрсөн хүүхдийн эрэгтэйг хүү, эмэгтэйг охин гэнэ.
- Хүү бэр: Хүүд хууль ёсоор хуримлаж авсан бусад овгийн эмэгтэй.
- Оч буюу омбулаа хүү: хүүгийн хүү. Оч гэдэг нь гал   голомтыг сахин сэргээх гэсэн утгатай (ач ч гэдэг ).
- Оч буюу омбулаа бэр: Оч хүүгийн эхнэр.
- Жич хүү буюу домбулаа, жич бэр: жичинцэр хүү, бэр:
- Гуч хүү, бэр: гучинцар хүү, бэр:
- Жихүү  хүү, бэр:
- Жилийх хүү, бэр:
- Талийх хүү, бэр гэж тус тус нэрлэнэ. 

Доор нэг үеийн хүүхдийн төрлийн холбоо
- Бүл ах дүү: Эгч охин дүү хоёрын хүүхэд. Тэд өөр өөр овогтон болно.
- Нага (дагар) ах дүү: Ах, эмэгтэй дүү буюу эсвэл эгч эрэгтэй дүү хоёрын хүүхэд хоорондоо нага ах дүү болно.
- Наганцар: (Нагын хүүхэд) өөрөө ба эгч (эмэгтэй дүү) хоёроос гарсан хоёрдугаар үеийн хүүхэд. Мөн нага ах дүүгийн хүүхэд хоорондоо наганцар ах дүүс болно.
- Бүлэнцэр: Өөрөө болон бүлийн хүүхэд хоорондоо бүлэнцэр ах дүү болно. -Ач: Ах буюу дүүгийн хүүхэд өөрт ач болно. Энэ үгийн уул утга бол удам угсаанд ац салаа үе гарлаа гэсэн утгатай.
- Ач бэр: Ач хүүгийн эхнэр. Цааш нь ачинцар хүү бэр, зээ (эгч ба охин, охин дүүгийн хүүхэд) зээ бэр, зээнцэр зээ хүүгийн хүү буюу өөрийн эгч болон эмэгтэй дүүгийн оч (омбулаа) хүү.

No comments:

Post a Comment