1924 оны Бөхийн дүрэмд хоёр анхаарал татсан зүйл байдаг. Нэгд, бөхийн цолноос арслан цолыг хассан, хоёрт, дөрвөн хөлтэй нохой байхаас бөх гэж үгүй гээд тахимаа өгдөг байсан босоо бөхчүүдэд хамаарах “хоёр гарын үзүүр нэг зэргээр газардах”-ыг унасанд тооцох тохиолдлыг заалт болгон уг дүрэмд суулгаж өгсөн явдал.
Эхнийхийг нь Бөхийн дүрмийг боловсруулсан бичиг хэргийн түшмэдийн манж нарыг үзэн ядах үзлийн туйлшрал гэж ойлгож болно. Зүрчидийн нэгэн угсаа-Манжийн хааны харъяалалд 200 гаруй жил болсон монголчууд тэр нэгэн цагт хүчирхэг явагсдын бэлгэдэл болох арсланг бөхийн цолноос хасчээ. Одоо ч гэсэн манайхан хужаа нарт талгүй ханддаг нь манж, хятад хоёр үндэстнийг хольж хутгасантай холбоотой.
Эхнийхийг нь Бөхийн дүрмийг боловсруулсан бичиг хэргийн түшмэдийн манж нарыг үзэн ядах үзлийн туйлшрал гэж ойлгож болно. Зүрчидийн нэгэн угсаа-Манжийн хааны харъяалалд 200 гаруй жил болсон монголчууд тэр нэгэн цагт хүчирхэг явагсдын бэлгэдэл болох арсланг бөхийн цолноос хасчээ. Одоо ч гэсэн манайхан хужаа нарт талгүй ханддаг нь манж, хятад хоёр үндэстнийг хольж хутгасантай холбоотой.
Ер нь арсланг бөхийн цолноос хасах юу ч биш цаг үе байсан. ХХ зууны эхээр хятадууд Манжийн хааныг ширээнээс нь буулгахад Монгол туурга тусгаар улс болохдоо тэдний төрийн бүх хэргэм зэргийг нь халж солилгүй уламжлуулан хэрэглэсэн атлаа асар их сүйтгэл гарган орон даяар арслан бариултай ямар л тамга байна бүгдийг нь “хогийн сав руу шидэж”, оронд нь шонхор, начин, бүргэд, харцага, гарди шувууны дүрст бариултай тамга цутгасан түүхтэй.
Энэхүү тамганы арсланг устгах үйл хэрэгт VIII Богд биечлэн оролцсоныг, түүний 1911 оны арванхоёрдугаар сарын 11-нд гаргасан Ар Монголын эрх мэдэлтнүүдийн тамгыг шинээр сонгох тухай лүндэн гэрчилнэ. Гитлерийн үеийн германууд Жүүд нарын бэлгэдэл зургаан хошуут тэмдгийг үзэн ядаж, Дорно дахины хас тэмдгийг шүтэж байсан шиг, монголчуудын урьд зууны эхэн үес дор Манж нарын бэлгэдэл-арсланг хялайн харж, Бурхан багшийн төрсөн нутгийнхны бэлгэ тэмдэг болсон зааныг ихэд дээдэлж явсан улс шүү.
1924 оны Бөхийн дүрэм нь сурталчилгаа муугаас болоод тэртээ, тэргүй хэрэгжээгүй болохоор өнөөдрийн өнцгөөс арслан цолыг бөхөд олгохгүй байсан бол дээр, доор гэж цэцэрхэх нь утгагүй. Харин хоёр гарын үзүүр нэг зэргээр газардвал унасанд тооцох заалтыг одоогийн дүрэмд оруулж өгвөл Монгол бөхийн шинэчлэлд хэр хөл нийлсэн алхам болох бол гэсэн бодол төрж байна. Тэгэхдээ “зэрэг тулсан” гэдгийг онцолж байгаа юм.
Өрөөсөн гараараа газар тулж байгаад тонгорох, учраа бөхөө ардаа гаргаж алдчихсан үед нэг гараараа газар тулан тонгойж, нөгөө гараар хөлийнхөө хоорондуур хөлийг шүүрэн татаж унагах зэрэг “гурван тулгуурын” олон сайхан монгол мэх бий. Шинжлэх ухааны модон хэлээр илэрхийлэхэд, тамирчин хүний хөдөлгөөний дөрвөн тулгуур эрхтэн нэгэн зэрэг газар тулах байрлалд тодорхой хугацаанд оршино гэдэг нь тухайн үйл хөдлөлийн явц тасалдаж, үргэлжлэх ажиллагаа түр зогсож байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл бөхийн хоёр гар зэрэг газардсан тохиолдол нь ямар ч мэх хийх аргагүй, барилдаан зогсонги байгаа үе юм. Харахад барилдаагүй хэрнээ ямар мэхээр учраагаа хаяхаа дотроо төлөвлөөд орж байгаа хүчтэн, дөрвөн хөллөөд мэх хийх нь байтугай, газраас өөр юу ч олж харахгүй байгаа бөхийг харьцуулахад амжилтын тухайд дэндүү их зөрүү байх нь мэдээж.
Бөх гэх нэрийг олон түмнээс авсан цагаасаа бараг унаж үзээгүй, унасан ганц хоёр тохиолдлыг нь ярихаар ердөө өвдөг, тохой, толгой нь мэхээ даалгаж хийх үед нь газар шүргэсэн, эсвэл дөрвөн хөллөсөн хэмжээний үзүүлэлтээр учраа бөхдөө тахимаа өгч чадаж байсан босоо бөхчүүд бий. Тэдний талаархи сурвалжийг сонирхоход:
Ж.Дамдин. “Монгол бөх” ном. 213-р тал:
Тэр үед Намхай аваргыг унагаах гэдэг ховор гайхамшигт явдал мэт байсан байна. Үүний нэгэн жишээ гэвэл: Бадаргуулалтын 33-р оны (1907) арван засгийн наадамд, Санбэйсийн Содномжамц тавын даваанд Намхайн аманд очиж барилдаад, Намхайг гэнэдүүлэн мэх хийж дөрвөн хөллүүлж орхижээ. Гэтэл Намхай инээсээр өндийн ирсэн бөгөөд зодогныхоо элэг бүсийг тайлжээ. Энэ нь ялагдсаныг хүлээх цорын ганц дохио билээ. Үүнийг үзээд Содномжамц нь сандарч,
-Аварга та яаж байна? Та унаагүй шүү дээ гэвэл Намхай,
-Уналгүй яах юм бэ? Дөрвөн хөлтэй бөх хэзээ хаана байлаа даа гээд дахин барилдуулах гэсэн хүмүүсийн хүслийг үл хайхран Содномжамцад сайн барилдахыг ерөөгөөд явчихаж байсан гэдэг.
Завханы Завханмандалын М.Бямбаа (1972 оны яриа):
Би 1918 оны морь жилтэй хүн, намайг гарахаас гурван жилийн өмнө манай Цэцэн Сартуулын (Засагт хан аймаг, одоогийн Завханы өмнө талын сумд) хошуу ноён Жалчингомбоцэдэнд ван цол шагнахад дуулиантай том наадам хийсэн юм билээ. Сартуулууд төв халхын айзам уртын дуу дуулахдаа тааруу, харин бэсрэг уртын дуу их дуулна, найр наадамд баргуудын Бор борын бялзуухайг хадааж өгнө.
Энэ наадамд Сайн ноён ханы Луу гүн өөрөө ирж, барилдах бөх, бас найр эхлүүлэх сайн дуучдыг авчирсан гэдэг. Луу гүн, манай хошуу ноён хоёр их дотно анд байж. Ирсэн дуучид Түмний эх дууг тэнд онцгой сайхан дуулсан гэж хуучцуул ярьдагсан. Газар газраас олон сайн бөх ирж дээ. Тэр үед манай хошуунд Сартуулын Саран толгойт гэж алдаршсан, даншиг наадамд барилдаж улсын цол (1890 оны Даншигт 6 давж начин болсон баримт буй) авсан Урианхай заан, Улиастайн амбан, чуулган жанжны наадамд түрүүлж арслан болсон бага Намсрай, Ховдын амбаны наадмын арслан Бүрэнтөгс заан, шавь Нацаг заан, говийн тэмээ өргөдөг Хар гэх зэрэг гайгүй хэдэн бөх байжээ.
Урианхай заан нь 40 хол гарсан настай, харих тийшээ болчихсон, тэгээд ч Илжгэн ноёны наадамд Хан Хөхийд барилдаж байгаад учраа бөхөө харваж суйлаад шөрмөсийг тасалснаас хойш бөхийн ажлыг бүрмөсөн орхиж, Галуутайн хүрээнд лам болж суурьшсан үе таарчээ. Дайчин хиа Ламжав (Хожмоо улсын бага хурлын дарга болсон) тэргүүтэй хошууны түшмэд “Гаднын олон бөхөөс босоо Шагдараас бусдыг нь бол манай хэд хаячихна” гэж ноёндоо айлтгасан байна.
Харин Урианхай заан “босоо Шагдарыг ганц удаа бол хаячих хийг нь олж харлаа, сахилаа өгчихөөд барилдъя” гэж их гуйсан гэдэг. Дээр үед лам хүн барилдах ёсгүй тул барилдахдаа багшдаа сахилаа өгч наадамд зодоглодог, дараа нь сахилаа авдаг нарийн дэг жаягтай байсан л даа. Урианхай зааны номын багш нь түүнийг зэмлэж “босоо Шагдарыг хаях бүү хэл өөрөө хэмхэрвэл яана, тэгээд ч тэр хол газраас зорьж ирсэн сайхан хүү (босоо Шагдар 27-той байв) түрүүлэхэд яадаг юм бэ” гээд сахилыг аваагүйгүйгээс тэрбээр уг наадамд барилдалгүй өнжжээ.
Олон хоног наадсаны эцэст түрүү үзүүрт Дүүрэгч вангийн босоо Шагдар, Сартуулын бага Намсрайтай шалгарч барилдсан байна. Бага Намсрай урьд нь босоо Шагдартай хэд хэд таарч барилдаад тувт унасан учраас хуучны хашир бөхчүүд, засуул нь “Явж хав барилдаад хэрэггүй, бариа зөрөөн дээр дөрвөн хөллүүлэхийг бод. Тэгээд босоо Шагдар тахимаа өгвөл тэр биз. Үгүй бол яая гэх вэ, наадмаа алдаж” гэж захиад гаргасан юм билээ. Бага Намсрай дархан хавираагаа хийгээд ухарч татсанд босоо Шагдар хоёр гараараа газар дутуу тулаад босч ирснээ “Танай хошууны сахиус Банданлхам тань түшлээ дээ. За явж мөргө, идээгээ ав” гээд тахимаа өгсөн гэдэг юм.
Тэр наадам үзсэн хүмүүс хожим түрүү, үзүүрийн хоёр бөхийн тухай “Оройн нар нэлээд ташаад ирсэн, сүүлчийн хоёр бөх тавихаар, зүүн баруун засуулчин дээр гаргалаа. Жинд явах гээд олон хоног хагсраасан ат (тэмээ) шиг хоёр амьтан шанам малгай сагсалзуулаад засуулчнаа тойроод хэсэг тэлүүлнэ. Тэгснээ ширээлдэж засуулчнаа ганхуулан хоёр харцаганыхаа махыг шилгээнэ. Ширээлдэхээ болингуут засуулчныхаа эгц ард өвдгөө тулан зогсоод суган доогуур нь бие бие рүүгээ сэм сэмхэн мэт хараачилж байсан нь хангай газрын азарган чоно аятай санагдаж байж билээ” гэж ярьдагсан.
Сурагч Г.Өсөхбаяр (аварга). “Спортын мэдээ”. 1988 оны ¹37:
Баяр наадам (1925 он) дуусах 7 дахь өдөр сүүлийн дөрвөн бөх үлдэхэд өвөөгөөс (буур Жамъян) гадна Вандан аварга, улсын арслан Шагдар, Самдан нар үлдсэнд Вандан аварга “За, чи бид хоёр халхын хоёр босоотой үлдсэн шүү. Босоо гэдэг чинь босоо л гэсэн үг биз дуу” гэснээ чи Шагдартай сайн барилдаарай гэжээ. Зуны төөнөсөн нар баруун тийш хэвийж, наадамчин олны хараа бөхийн барилдааны зүгт чиглэсэн үед Вандан аварга босоо Самдан арсланг амлан авч, өвөө Шагдар арслантай тунаж үлджээ. Дөрвөн бөх барилдахаар гарахад Вандан гуай “Чи намайг хүлээж, харж байж барилдаарай” гэж захижээ. Вандан гуай барилдахаар өрж, барьж авахаар хөөцөлдөн, Самдан зугтаад байснаа гэнэт Вандан гуай дөрвөн хөллөсөн харагдав. Вандан гуай босч Самданд тахимаа өгчихлөө гэнэ.
Ж.Мөнхбат аварга “Унах чи юундаа яардаг юм” номын 30-р тал:
Босоо Банзар арслангийн гэргий Дулмаа гуай: Нэгэн наадамд манай хөгшин Лундаа арслантай барилдах болжээ. Манай хүнийг Шагж арслан зассан байна. Барилдаж байгаад манай хөгшний гар газарт хүрсэн чинь Лундаа,
-Би хоёр хөлтэй хүн үзсэнээс дөрвөн хөлтэй хүн үзээгүй гээд барилдаагүй юм гэдэг.
Д.Санжаасүрэн. “Наян бөхийн намтар” номын 26-р тал:
Вандан (Ялгуусны хэмээх улсын заан) ид сайн барилдаж байсан үедээ Да хүрээнд ном үзэхээр явсан бөгөөд нутаг усныхны дунд түүний нэг л барилдааны түүх үлдсэн байдаг юм. Далай вангийн хошууны Тариатын хүрээний наадамд Вандан очиж барилдаад Дүүрэгч хошууны босоо Шагдартай үзүүр түрүүнд үлдэж, Шагдарыг гуд татаад дөрвөн хөллүүлэхэд Шагдар “явж зуушаа авч, мөргө” гэж хэлэхэд Вандан,
-Унагадаг ёсоор нь унагана, дөрвөн хөллүүлж хаяхгүй, дахин барилдана гэж барилдаад унасан юм гэдэг.
Босоо Самдан аварга, Босоо Шагдар арслан, Босоо Банзар арслан, энэ гурван босоогоос гадна алдарт Намхай аварга, Вандан аварга нар ч дөрвөн хөллөвөл тахимаа өгдөг байсан жудагтай сайхан бөхчүүд дээ.
Ш.Адьшаа, Б.Ерэнтэйн бичсэн “Монгол бөхийн дүрэм” номоос
No comments:
Post a Comment