
Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн.
Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ.
Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ.


Эрдэнэ зуу хийдийг цогцлон босгож байсан эхний үед шарын шашны ёс горим төдийл гүн нэвтрэн дэлгэрээгүй байсны учир хийдийн ерөнхий төлөвлөлтийг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталсаар байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх ерөнхий хувиарлалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим барьж байсны гэрч болон үлдсэн монгол суурин газрын барилга уралхуйн гайхамшигт дурсгал юм.

Гадуураа 108 суврага бүхий 400x400 метрийн хэмжээтэй, дөрвөн талдаа асар хаалгатаи хэрмэн дотор байдаг монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилгатай байснаас өдгөө 18 сүм дугана үлдсэн бөгөөд 1944 онд улсын хамгаалтад авчээ. Эрдэнэ зуу хийд нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд юм.
www.mongolia800.mn
No comments:
Post a Comment